Профессор Д.Бадарч “Дээд боловсролын онол, арга зүй” 3 боть номыг дээд боловсролын салбарт 30 орчим жил, олон улсын байгууллагад 15 жил ажилласан туршлагадаа тулгуурлан 2020-2021 онд бичиж хэвлүүлсэн.
Дээд боловсролын онол арга зүй ном нь дараах 3 дэвтрээс бүтэж байна. Үүнд: Дээд боловсролын онол, арга зүй: Тэргүүн дэвтэр. Манлайлал, Засаглал, Өөрчлөлтийн менежмент. 5 бүлэг, 238 хуудастайгаар 2020 онд хэвлэгдсэн.
Дээд боловсролын онол, арга зүй: Дэд дэвтэр. Парадигмийн шилжилт, багшлахуй, суралцахуй. 5 бүлэг, 267 хуудастайгаар 2021 онд хэвлэгдсэн.
Дээд боловсролын онол, арга зүй: Гутгаар дэвтэр. Хүний капитал, судалгаа шинжилгээ, бодлого, санхүүжилт. 5 бүлэг, 294 хуудастайгаар 2021 онд хэвлэгдсэн.
Сэдэв сонголт
Дээд боловсролын онол, арга зүй номын сэдвийг манай орны дээд боловсролын хөгжлийн өнөө үед тулгамдаж байгаа гол гол асуудлуудыг сонгож авч, тэдгээрийг системийн онолын үүднээс авч үзэн, олон улсын дээд боловсролын системд харьцуулсан судалгаа хийх замаар гүнзгий ул суурьтай судалсан байна. Тухайлбал, манай орны дээд боловсролын салбарт тулгамдаж байгаа манлайлал, засаглалын асуудлыг нэгдүгээр дэвтэртээ хөндсөн бол сургалтыг багшлахуйгаас суралцахуйд шилжүүлэх замаар дээд боловсролд парадигмийн өөрчлөлт хийх шаардлагыг хоёрдугаар дэвтэртээ нухацтай авч үзсэн байна. Судалгааны их сургууль байгуулах тухай өргөн хүрээтэй санал солилцоо өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд их сургуулийн докторын сургалтыг олон улсын түвшинд ойртуулах замаар чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, улмаар манай орны шинжлэх ухааны хөгжилд их сургуулийн оруулах хувь нэмрийг өөрчлөх талаар гуравдугаар дэвтэрт авч үзсэн байна.
Номын шинэлэг тал
Манай орны дээд боловсролын салбарт өрнөж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг системтэй алсын хараатай явуулахад энэ ном цэгцтэй онолын үндэслэлтэй, манай орны хөрсөнд буусан шийдэл зөвлөмжийг агуулснаараа шинэлэг талтай юм. Түүнээс гадна анх удаа суралцахуйн асуудлыг орчин үеийн нейросайнсын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг үндэслэн тайлбарласан нь манай орны дээд боловсролын салбар төдийгүй бүх шатны боловсролын хүрээнд цоо шинэ анхдагч болж байгаа төдийгүй боловсролын салбарын ирээдүйн хөгжлийн судалгааны цоо шинэ салбарыг нээж өгч байна. Мөн улс орны шинжлэх ухаан, инновацын бодлогыг тодорхойлоход их сургуулиудын зүгээс оруулах хувь нэмрийг бодитой болгох талаар үнэтэй зөвлөмжийг агуулсан.
Онол, практикийн ач холбогдол
Энэхүү бүтээлд дээд боловсролын системд тулгарч байгаа асуудлуудын онолын үндсийг эх сурвалжуудыг ашиглан гаргаж тавьсан нь манай оронд дээд боловсролын судалгаа, арга зүйг цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм. Зарим нэг онолын талаасаа урьд өмнө тайлж тайлбарлахад хүндрэлтэй асуудлуудын үндсийг гаргаж тавьсан олон жишээг оруулж өгсөн бөгөөд дээд боловсролын салбарын удирдах ажилтан, эрдэмтэн багш, оюутан залуучуудын ширээний ном болохуйц практикийн үнэ цэнтэй бүтээл болжээ.