Шинжлэх ухаан, технологийн их сургууль “Нээлттэй боловсролын төв”-ийг өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан билээ. Тус төв нь багш, оюутнууд төдийгүй боловсролын салбарынханд, мөн мэдлэг мэдээллийг чухалчилдаг хэн бүхэнд зориулсан төв юм. Өөрөөр хэлбэл, “Нээлттэй боловсрлын төв”-д ирснээр та боловсролын бодлого, сургалтын технологи, сурах үйл ажиллагаа, нээлттэй боловсролын талаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, хэлэлцэх боломжтой юм. Тус төв нь судалгаа, инновацийг хөгжүүлэх, үндэсний болон олон улсын эрдэмтэд, экспертүүд, олон нийтийн санал бодлыг илэрхийлэгчид, профессор багш, суралцахуйн загвар бүтээгч зэрэг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулах замаар сургалт судалгаа явуулдаг хүрээлэн юм. “Нээлттэй боловсролын төв”-өөр дамжуулан ШУТИС нь “Боловсрол 4.0”-ийг өөрийн орны хөрсөнд буулгах, соёолуулах ажлыг эхлүүлж байгаа юм.
Нээлттэй боловсрол бол хүмүүс мэдлэгийг хамтран бүтээж, хоорондоо чөлөөтэй солилцож улмаар мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох арга замын тухай философи юм. Мэдлэгээ хүмүүс өөр хоорондоо чөлөөтэй солилцох явдал бол Нээлттэй боловсролын хамгийн гол онцлог шинж юм. Өөрөөр хэлбэл, багш төдийгүй багш оюутан, сурагчид өөрсдийн мэдлэгийг харилцан солилцож шинэ мэдлэгийг бүтээх, өөрийн мэдлэгээ бататгах замаар боловсрол эзэмших цоо шинэ арга барилыг хэлж буй юм.
Сүүлийн үед боловсролын салбарт парадигмийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгааг онцгойлон анхааруулахын сацуу багшлахуйгаас суралцахуйд шилжих тухай их ярих боллоо. Энэ хийсвэр мэт ойлголтыг хүн бүрт хүртээмжтэй ойлгуулахын тулд “Нээлттэй боловсролын төв”-өөс сургалтын нээлттэй эх материал, нээлттэй сурах бичиг, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бэлтгэснээ танилцуулах гэж байна. Нээлттэй боловсролын төвөөс бэлтгэсэн эдгээр бүтээлүүд нь багшийн үйл ажиллагааг уламжлалт хичээл заах хэлбэрээс сурах үйл ажиллагааны дизайнер болгон өөрчлөх нөхцөлийг бүрдүүлэх юм.
2019 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах “Боловсрол 4.0” “Нээлттэй боловсрол-шинэ боломж” танилцуулах арга хэмжээ нь манай орны боловсролын салбарын бүх шатанд цоо шинэ боломжийг нээж өгч байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Мөн ШУТИС-ийн “Нээлттэй боловсролын төв” нь сурагч оюутнууд бие даан суралцах арга болох шинэ онолын талаар судалгааг эхлүүлж байна.
Эх сурвалж : www.polit.mn