Нийтлэл - 3

image

Намуухан дуутай, элдэв маяггүй энэ хүн дэлхийн толгой байгууллага НҮБ-д 14 жил өндөр албан тушаал хашсан нь түүний чансааны илэрхийлэл төдийгүй олон улсад тамгалагдсаныг нь гэрчлэх баримт юм. Мөн тэрбээр 30 гаруй орны сургалтын нээлттэй нөөцийн туршлагыг нэгтгэн судалж, нийтийг хамарсан цахим сургалтын хөтөлбөр боловсруулсныг АНУ-ын багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтаасан юм билээ.

Түүнчлэн ЮНЕСКО-гийн Уур амьсгалын зөвлөлийн орлогч дарга, Дээд тушаалын ажилтан шалгаруулах болон Удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх зөвлөлийн гишүүн, Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, тус байгууллагын “Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагч гээд дэлхийн дайтай онцгой олон албанд томилогдон ажиллаж, тэр хэрээр эх орныхоо нэрийг гаргасан хүн.

ТИС-ийг 1992-2003 онд удирдахдаа дэлхийн түвшинд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль болтол өргөжүүлсэн, бакалаврын шатны сургалтыг кредит системд шилжүүлсэн, профессорын баг бий болгосон, Дэлхийн их, дээд сургуулиудын холбоонд элсүүлэн, гадаад харилцааг нь тэлсэн гээд түүний хийсэн бүтээсэн нь их. Үүний үр өгөөжийг яривал олон хуудас тайлан болох буй за.

30 гаруй улсад 120 давсан илтгэл хэлэлцүүлсэн, шинжлэх ухааны 11 бүтээлтэй, оюутан, сурагч, мэргэжилтнүүдэд гарын авлага болох 20 ном, сурах бичгийн зохиогч, Олон улсын боловсролын академийн сурвалжлагч гишүүн, техникийн ухааны доктор, профессор Д.Бадарч хэмээх эрхэм хүнийг “Өнөөдөр” зочноороо урилаа.

-Монгол Улс БСШУС-ын сайдын албандаа халаа сэлгээ хийгээд удаагүй байна. Д.Бадарч энэ албанд хамгийн тохирох мэдлэг, боловсролтой хэмээж, битүүхэндээ “горьдсон” хүн олон байсныг нийгмийн сүлжээнээс харж болно.

Энэ тухай асуултаар ярилцлагаа эхлүүлье. Та сайд болсон бол Монголын боловсролын салбарт юуг шинэчилж, хамгийн түрүүнд юу хийх байв.

-БСШУСЯ-наас өнгөрсөн зургадугаар сард дээд боловсролын асуудлаар зохион байгуулсан нэг зөвлөлгөөндөө Хонконг, Стэнфордын их сургуулийн профессорууд болон намайг олон улсын шинжээчээр урьсан юм. Тэр арга хэмжээнээс харахад манай боловсролын салбарынхан, яамны ажилтнууд дэлхийн хэмжээний нэр, томъёо хэрэглэж ярьж байна.

Өөрөөр хэлбэл, олон улсын түвшинд гарч байгаа шинэ мэдээлэлтэй юм байна. Миний бодлоор гол нь юу вэ гэхээр, энэ бүхнээ хэрэгжүүлэх явдал. Мэдэх, ярих нь нэг хэрэг. Түүнийгээ ажил болгох нь бас өөр хэрэг шүү дээ. Энэ тал нь манайханд дутагдалтай байна уу даа. НҮБ-ын мэдээллээр бол өнөөдөр дэлхийн хүн амын 48 хувь нь интернэт ашиглаж байна.

Ийм нөхцөлд мэдээлэл олж авах боломж асар их. Монголчууд ч түүнээс авч байгаа. Гэхдээ мэдээллийг нэгтгээд томоор харж чадахгүй байна. Тэгэхээр тэднийг нэг зорилго руу чиглүүлэн, нэгтгэх менежмент хийхдээ дутмаг байх шиг. Тийм учраас би юуны өмнө боловсролын салбарт залуу үеийн лидерүүдийг бэлтгэх, тэднийг менежментийн арга ухаанд сургахад хамгийн түрүүнд анхаарах ёстой гэж бодож байна.

-Таны хэлдгээр лидер, манлайлагч хүчин бидэнд үгүйлэгдээд байгааг хаана хаанаа л ярьдаг. Зөвхөн улс төр гэлтгүй бусад бүх салбарт хурдасгуур болох, аливааг зангидах тийм нэг хүч дутаад байх шиг.

-Аливаа асуудлын цаад учир шалтгаан нь юу вэ, тухайн зүйлийг шийдсэнээр бүгд цэгцрэх үү, эцэст нь ямар эерэг, сөрөг үр дагавартайг цогцоор нь, системээр нь харж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, системийн сэтгэлгээ дутаж байна.

-ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова өв, соёлоо хамгаалахад өсвөр, залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилдаг юм билээ.

Хэдийгээр манай өв тээгчид, мэргэжлийн урлаг, соёлын байгууллагынхан уламжлалт соёлоо тодорхой хэмжээнд дэлгэрүүлэн, таниулж байгаа ч залуу үеийнхнийг үүнд дурлуулж, татаж чадаж байгаа болов уу.

Зарим хүн “Монгол Монгол биш болох нь” гэж санаа зовдог. Үүнийг үгүйсгэж, генд байгаа чухал зүйл хэзээ ч гээгддэггүй гэх зэргээр эсрэг, тэсрэг байр суурь бий. Та энэ талаар ямар бодолтой явдгаа хуваалцана уу?

-Би нэг сонин зүйл хэлье. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх улсын үндэсний онцлог шинж нь юу байсан гэхээр “Зөвлөлтийн иргэн” гэсэн үзэл. Тэгтэл 1990-ээд онд тэр систем задрахад нөгөөх улсуудад үндсэрхэг үзэл хэт газар авсан. Оросуудад гомдсон, үзэн ядсан сэтгэлтэй болсон. Би ЮНЕСКО-гоос томилогдон Москвад 11 жил ажиллахдаа үүнийг маш их мэдэрсэн.

ЗХУ задарснаас хойших 30-аад жилийн дараа өдгөө юу ажиглагдаж байгааг, ганц жишээгээр хэлье. Н.Назарбаев улсаа өөрчлөн, шинэчлэх гурав дахь үедээ орсныг зарлаж, илтгэл гаргасан. Түүнд дурдсанаар, нэгдүгээрт, нийгмийн оюун санаанд өөрчлөлт хийж, үндэснийхээ шинж, өв соёл, уламжлалаа хайрлах, ялангуяа залуу үеийнхэн үүнийг ойлгож, Казахстан хэмээх том гүрний иргэн гэдгээрээ бахархах ёстой.

Дараагийн чухал зүйл нь, бид төрийн албанд садан төрлийнхөө хүрээнээс хальж, шинэ нийгэм, шинэ нөхцөл байдалд шилжин, дэлхийн түвшинд гарах ёстой гэсэн байна. Казахстан ямар улс гэдгийг бид мэднэ. Тэд ингэж ярьж, ухаарч байна. Гэтэл бид ардчилсан улс, тэднээс бүр илүү байх боломж байсан.

Эндээс би юу ойлгов гэхээр, 1990-ээд оны эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс нийгмийн оюун санааны өөрчлөлт нь хэт хоцрогдчихжээ. Ерөөс энэ нь огцом өөрчлөгддөг зүйл биш л дээ. Хүний сэтгэлгээ, толгойд суусан зүйлийг суга татаад, өөр юмаар орлуулж болохгүй.

Тэгэхээр хэсэг хугацаанд вакуум үүсэж, тэр хоосон орон зайд янз бүрийн зүйл орсон. Жишээ нь, шашин, кино, урлаг гээд гаднын соёлын түрэмгийлэлд залуу үеийнхэн маань автаж, хөлөө алдсан. Миний бодлоор, Монголын боловсролын системд үндэсний бахархал, уламжлал, соёлынхоо тухай маш сайн тусгах учиртай.

Социализмын үед хүмүүжлийн тухай их ярьдаг байлаа. Үүнийг буруу гээд бид хаячихсан. Тэгвэл ЮНЕСКО хоёр жилийн өмнө олон улсын эрдэмтдийг цуглуулаад “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” сэдвээр боловсрол бүх нийтийн баялаг мөн үү гэсэн хэлэлцүүлэг хийсэн. Орчин үеийн залуучуудад бусдыг хүндэлдэг зан чанар, хүмүүжил дутагдаж байна.

Энэ нь буруу зам руу орж, элдэв халдлага зэрэг зүй бус явдал гаргахад хүргэж байгааг онцолсон. Тэгээд бас дэлхийн иргэн бий болгох талаар ярьдаг. Харин олон улсын том эрдэмтэд үүнийг шүүмжилдэг юм. Дэлхийн иргэн гэхээр Макдоналдс маягийн “юм” бий болгох юм уу. Улс болгон өөрийн уламжлал, соёл, үнэт зүйлтэй.

Үүнийг нь мэдрүүлэх ёстой гэдэг. Тэгэхээр энэ нь зөвхөн Монголд бус, дэлхий нийтийн өмнө тавигдаж буй эмзэг асуудал, боловсролын салбарын хүрээнд. Мэдлэг бол хүн хичээвэл авч болох зүйл. Харин хүнийг хүн болгож төлөвшүүлэх нь л чухал. Манайд энэ дутагдаад байна.

-Та түрүүн улс, үндэстний үнэт зүйл гэлээ. Таны бодлоор Монголын үнэт зүйл нь юү юм бэ?

-Монголын үнэт зүйл бол нэгдүгээрт уламжлал. Хүүхдийг хүн болгон төлөвшүүлэхэд гэрийн хүмүүжил их чухал байсан. Үүнийг гэр бүл гэсэн ойлголттой хутгаж болохгүй. Орчин үеийн залуучууд гадаадад боловсрол эзэмшиж, харсан, мэдсэн нь өөр болсон. Гэхдээ учир дутагдалтай зүйл ажиглагддаг.

Тэгэхээр бидэнд соёлын том бодлого л хэрэгтэй байна. Монголоороо бахархах сэтгэлгээг суулгах арга зам нь шинэлэг байх ёстой. Тэрнээс биш зүгээр яриад, хичээлээр заагаад өнгөрмөөргүй байгаа юм.

Уламжлалаа сэргээж, дэлгэрүүлэхээр ажиллаж буй залуучууд цөөнгүй, дэвшил бага ч гэсэн байна. Гэтэл нийгмийн оюун санааны орон зайд тэр сэтгэлгээ орохдоо удаан байх шиг.

-Өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн ивээл дор Улаанбаатарт зохион байгуулсан “Хаданд мөнхөлсөн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголыг олон улсын байгууллагуудтай, ЮНЕСКО-той уяж холбохын төлөө зүтгэж яваа хүн бол эрдэмтэн Д.Бадарч” хэмээн онцолсон. Та ЮНЕСКО-д ажиллахдаа Монголдоо ямар ашиг, тустай зүйл хийв?

-Би ЮНЕСКО-д 14 жил ажиллаад өнгөрсөн зургадугаар сарын 30-нд тэтгэвэрт гарч, албаа хүлээлгэн өглөө. Энэ байгууллагын түшмэл болоход гарын үсэг зуруулдаг юм, тухайн хүн өөрийн эх орны эрх ашиг, энэ тэр гэсэн зүйлийг урьтал болгож болохгүй гэж. ЮНЕСКО бол боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт дэлхийн засаглалын нэг хэсэг.

Тус байгууллагад би эхлээд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр Москвад томилогдон ажилласан. Тэнд хоёр жил болсны дараа Москвагийн бүсийн төвийн захирлын үүргийг нэг жил гүйцэтгээд, захирлаар нь найман жил ажилласан. Энэ хугацаанд ОХУ-аас гадна Беларус, Молдав, Армен, Азербайжан, Гүрж улсыг хариуцаж байсан л даа. Тэдгээр улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн салбарт төрийн бодлогыг зөв тавих талаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн.

Хамгийн том төслийг Оросын Их театрт хэрэгжүүлж, засвар, архитектурын ажлын чанарт олон улсын экспертиз хийлгэсэн. Мөн ЮНЕСКО Эрмитажид менежментийн том төсөл хэрэгжүүлсэн. Дараа нь Чечений боловсролын системийг сэргээх төсөлд ажиллаж, багш нарт сэтгэл зүйн тусламж үзүүлэх төв нээсэн.

Мөн Москвад байрладаг ЮНЕСКО-гийн институтийн захирлын албыг долоон жил хавсарч хийлээ. Тус оффис нь дээрх таван улсдаа л үйлчилдэг учраас Монголтой харилцах ямар ч үндэс байхгүй. Харин тэр институт дэлхийн аль ч улстай харилцдаг учраас Монголдоо сургалтын мэдээллийг нээлттэй болгох, эх үүсвэр, материалуудыг хэрхэн боловсруулах, эрх зүйн үүднээс яаж авч үзэх вэ, цаашлаад зохиогчийн эрхийн асуудал зэргээр төсөл хэрэгжүүлж, хурал, семинар зохион байгуулсан.

Ингээд Москвад нийтдээ 11 жил ажилласны дараа би Парист Нийгэм, хүмүүнлэгийн хэлтсийн захирлын албанд томилогдсон. Тэнд гурван жил болохдоо нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны хоёр том төсөл хариуцсан. Үүний хүрээнд Монголд хоёр семинар зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр “Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь” семинарыг Монголын томоохон эрдэмтэдтэй хамтран явууллаа.

-Москвагийн Их театр, Эрмитаж зэрэг соёл, урлаг түгээх том байгууллагад ЮНЕСКО-гийн хэрэгжүүлсэн төсөл шиг далайцтай ажлыг Монголд хийх боломж хэр бол. Тийм санхүүжилт татахын тулд бидний зүгээс юу хийж, яах ёстой вэ?

-ЮНЕСКО Монголын дүрслэх урлагийн музейн архивыг сэргээх төсөл хэрэгжүүлж, санхүүгийн тусламж үзүүлсэн. 2011 онд Ирина Бокова Монголд айлчлахад би дагаж ирсэн юм. Төслийн хэрэгжилтэд тэрбээр сэтгэл тун хангалуун буцсан. Манай музейнхэн ч энэ талаар ам сайтай байсан.

Ер нь НҮБ нийтээрээ санхүүгийн хүндрэлтэй байгаа. Гэхдээ энэ талаар шинэ эрэл хайгуул хийж байна л даа. Болохгүй зүйл үгүй. Асуудлаа зөв өнцгөөс нь ойлгуулж чадвал төсвийн гаднах хөрөнгө гэж бий. Гэхдээ амар хялбар зүйл гэж байхгүй шүү дээ.

1970-аад онд ЮНЕСКО дэлхийн олон оронд инженерийн боловсролыг дэмжих том төсөл хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Монголд Политехникийн дээд сургууль байгуулах төсөл. ЮНЕСКО-гийн архиваас энэ материалыг би саяхан олж, ШУТИС-ийн удирдлагад өгсөн.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би Уралын политехникийн дээд сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр сурч, төгссөн. Намайг 1972 онд дунд сургууль төгсөхөд удирдлагын автоматжуулсан системийн сургалт их “моод” байлаа.

-Компьютер гэдэг зүйлийг бараг мэддэггүй цаг үед яаж яваад тийм сонин сонголт хийчихэв?

-Би Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Ээж минь бие нэлээд муутай, зургаан хүүхэд төрүүлснээс дөрөв нь эндсэн юм билээ. Тэгээд хот руу явах болж, намайг төрсөн ахындаа үрчлүүлээд, үлдээсэн. Миний ахыг бас Бадарч гэдэг. Мундаг геологич байсан даа, харамсалтай нь тэнгэрт хальсан. Тэгээд манайх хоёр Бадарчтай байсан юм.

Хүүхэд тогтохгүй болохоор ламаас асууж л дээ. Тэгтэл хүүхдүүдийнхээ нэрийг өөрчил. Хүн асуувал “Баруун зүгийн тууварчид орхиод явсан бадарчингууд” гэж хэл гэсэн юм билээ. Тэгээд л “бадарчин, бадарчин” гэж явсаар сургуульд ороход Бадарч гээд бүртгэчихсэн гэдэг.

-Сонин тохиолдол байна. Тэгвэл жинхэнэ нэр тань хэн юм бэ?

-Аав, ээжийн хайрласан нэр минь Баасанжав. Нэг нутгийн үеийнхэн минь намайг Баадай гэдэг байсан.

Өргөж авсан аав, ээж минь артельд оёдолчин, мужаан байлаа. Намайг хоёрдугаар анги төгсдөг жил артель нь Хишиг-Өндөр сум руу нүүснээр манайх дагаад шилжсэн юм. Тэндээ наймдугаар анги төгссөн. Тэр үед хөдөөгийн хүүхэд элсэлтийн шалгалт өгч, их, дээд сургуульд ороход хэцүү байсан учраас намайг хот руу төрсөн аав, ээжийнх рүү явуулчихлаа.

Хотод би 17 дугаар сургуульд хоёр жил сураад, төгссөн. Х ангид байхдаа математикийн улсын олимпиадад оролцож, эхний 10-т шалгарсан учраас элсэлтийн шалгалтгүйгээр мэргэжлээ сонгох эрхтэй болсон. Хүмүүс олон улсын харилцаагаар сурвал гоё энэ тэр гэж зөвлөсөн л дөө.

Гэхдээ би тоонд дуртай, дээрээс нь электрон тооцоолон бодох машины талаар радиогоор сонссон болохоор тэр л чиглэлийг сонгочихсон. Гэхдээ сүүлдээ удирдлагын автоматжуулсан систем гэсэн хуваарь ирж таарсан. Тэгээд Эрхүүд нэг жил хэлний бэлтгэлд сураад, Уралын Политехникийн дээд сургуульд орсон.

-Оросын чансаа өндөртэй тэр сургуулийг Та онц төгссөн гэл үү?

-Тэгсэн. Тухайн үед Уралын Политехникийн дээд сургуульд анх удаа 29 хүүхэд, радиотехникийн факультетэд есүүлээ очсон юм. Декан нь биднийг хүлээж авч уулзсаныхаа дараа “Энэ хүүхдүүдээс хэд нь үлдэх бол” гэж хэлсэн гэдэг.

Тэгтэл бүгд сайн сурч, Эрдэнэбаатар бид хоёр онц төгссөн. Ингээд 1978 онд буцаж ирэхэд шууд Политехникийн дээд сургуульд багшаар томилогдсон. Эрдэнэбаатар бид хоёр программчлалын хичээлийг анх заасан даа.

-1990-ээд онд таны мэргэжил хамгийн эрэлттэй байсан үе. Таныг Монголд анх Компьютерийн техникийн сургалтын төв байгуулсан гэж сонссон.

-1986 онд би сургуульдаа тооцоолон бодох техникийн мэргэжлийн анги нээсэн. 1989 онд Компьютерийн техникийн сургалтын төв болон компьютерийн техник, менежментийн сургууль байгуулсан.

Үүнээс хоёр, гурван жилийн дараа ТИС-ийн захирал болов. Тэр албыг 11 хашсан. Миний амьдралд 11 гэсэн тооны үечлэл байдаг юм. Москвад би 11 жил ажилласан. ЮНЕСКО-д 11 жил удирдах ажил хийсэн.

-Тэгвэл ойрын 11 жилийн төлөвлөгөө тань юу байна вэ?

-Би дээд боловсролын салбарт 25, олон улсын байгууллагад 14 жил ажиллажээ. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээсээ хуваалцаад, ажиллах нь гарцаагүй. Гадаад, дотоодын байгууллагуудаас ч урьж байна. Хараахан шийдвэр гараагүй учраас урьдчилан хэлмээргүй байна.

Монголд дээд сургууль олон бий. Залуучууд ч сурч боловсрох хүсэл, хандлагатай болж. Гэхдээ төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж хомс байна. Залуучуудын ажилгүйдэл бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхий нийтэд ч байгаа үзэгдэл. Гэхдээ дэлхийд тийм байдаг гээд бид зүгээр сууж боломгүй. Ийм нөхцөлд насан туршийн боловсрол гэдэг зүйлийг хөгжүүлэх ёстой.

Монголд энэ талын бодлого алга. Хүн амьдралынхаа туршид сурч байх ёстой. Сургууль төгсчихлөө гээд ханаж, зогсож болохгүй. Сурах боломж маш өргөн байна. Дэлхийн томоохон их, дээд сургуулиуд зарим сургалтаа цахимаар үнэгүй цацдаг болсон. Нийтийг хамарсан онлайн нээлттэй хичээлийг хэн дуртай нь үзэж болно.

Мэдлэг бол нийгмийн баялаг биш. Бүх нийтийн баялаг, ус, агаартай адил. Тэр баялгаас хүртэх боломжийг нь залуучуудад нээж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хүн мэдсэн, уншсан, харсан, сонссон байж болно. Хамгийн гол нь түүнийгээ боловсруулах ёстой. Бодох, сэтгэх гэсэн үг. Дэлхий нийтийн боловсрол, сургалтын чиг хандлага өнөөдөр заах бус, өөрөө сурах арга барил руу явж байна.

Энэ нь насан туршийн боловсрол гэдэг зүйл жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж буй хэрэг. Ингэхийн тулд хамгийн гол нь нөхцөл, орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Боловсролын чанар муудлаа гэдэг. Үгүйсгэхгүй. Гэхдээ хичээл, сургалтыг орчин үеийн нөхцөлд нь таарсан хэрэгсэл, механизмаар хүүхдүүдэд хүргэхгүй л бол сайн багш, сайн сурах бичиг байснаар байдал нэг их өөрчлөгдөхгүй болов уу.

Ингэж хэлэхээр, багшийг хална гэж ойлгож болохгүй. Багш бол зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ багшийн ажлын хэв шинж, арга барил өөрчлөгдөх ёстой. Энэ бүхний төлөө сэтгэл чилээж, залуучуудтай хамтран ажиллах хүсэл бий.

-Үнэхээр хуучин нийгмийн сэтгэлгээгээрээ, тэр үеийн заах аргаасаа салаагүй багш нар өнөөдөр байгаа нь нууц биш. Тэгэхээр боловсролын байгууллагынхны сэтгэлгээний өөрчлөлтийг яавал дээшлүүлэх вэ?

-Багш хүн сурах үйл ажиллагааг хөтөлдөг, дэмждэг, буруу, зөвийн заагийг ойлгуулдаг байх ёстой. Интернэтэд буруу, зөв элдвийн л мэдээлэл бий. Тиймээс зөв мэдээллийн чиг баримжааг багш хэлж өгөх үүрэгтэй. Хүн оюун ухаантай шүү дээ. Гэтэл сав дүүргэж буй мэт гаднаас нь автоматаар цутгаж болохгүй. Оюун ухааныг нь хөгжүүлж, ажиллуулдаг болгох тал дээр анхаарах нь зүйтэй.

-Та олон улсад эх орныхоо нэрийг өргөсөн хүндтэй хүн. ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова таныг үдэхдээ онцгойлон захидал бичсэн талаар дуулсан. Чухам юу гэж бичсэн байв?

-Хамт олон минь намайг үдэж, зурагт товхимол хэвлэж, ард нь олон орны ажилтан, мэргэжилтнүүд сэтгэлийн үгээ бичсэн байна лээ. Их сайхан санагдсан. Ирина Бокова гараар бичсэн захидалдаа надтай хамтран ажиллаж байсандаа талархал илэрхийлсэн. Би уг нь өнгөрсөн жил тэтгэвэртээ гарах байсан. Гэхдээ миний гэрээг эхлээд ес, дараа нь зургаан сараар сунгачихсан юм.

-Та олон оронд ажиллахдаа сонин, сайхан, гайхмаар, аймаар гээд янз бүрийн нөхцөл байдалтай тулгарч байсан байх.

Ер нь бусад улс, үндэстний нийгэм, аж байдлыг хараад “Би Монгол нутагт төрсөн азтай хүн юм”, эсвэл “Энэ улс ч хэцүү юм, яана даа. Тэр улсад төрсөн бол сайхан” гэж бодсон тохиолдол хэр олон бол?

-Би 60 орчим оронд ажлаар зорчихдоо сайн, муу янз бүрийн л нөхцөл байдалтай таарсан. Тэр дундаас Монгол шиг өвөрмөц, баялаг үүх түүх, уламжлал, соёлтой нь үгүй. Үүнийгээ бид өөрсдөө тоохгүй, анзаарахгүй байна. Харин гадаадынхан биднийг их сонирхдог. Тиймээс бид давуу талаа чулуу болгох хэрэгтэй.

Таны асуусан шиг хэцүү, эсвэл сайхан газар юм гэж боддоггүй л дээ. Асуудлыг тэр өнцгөөс харж боломгүй. Монголоос соёл, уламжлалын хувьд эрс ялгаатай улс байна. Тэр болгонд усыг нь уувал ёсыг нь дагана гэдгээр л явна. Жишээ нь, Саудын Араб үнэхээр хаалттай. Их л гоё хотуудтай. Гэхдээ гудамжинд нь хүн бараг харагдахгүй. Олон нийтийн газраар хүмүүс нь хүйсээрээ ялгарч явна. Гадаадынханд үндэснийхээ хувцас абайг өмсүүлнэ.

Харин Монгол маань иймэрхүү болчихоосой гэж жишиж бодох газар олон л доо. Ялангуяа, баруун Европын орнуудын жишгээс сурах зүйл бидэнд их бий. Тэр дундаа засаглалын талаар. Канад надад их таалагддаг. Их зөв хөгжилтэй санагддаг.

-ЮНЕСКО-д ажиллаж байсан хамгийн сайхан мөчөөсөө дурсвал сонин байх даа?

-Ерөөс тэр том газарт ажиллана гэдэг нэр төрийн хэргээс гадна олон сайхан дурсамж, туршлага хуримтлуулах боломж шүү. 14 жил тэр байгууллагын түүхийг бичилцэхдээ сайхан үйл явдалтай бишгүй таарч, бахархаж, бахархуулж явсан. Жишээ гэвэл, би ЮНЕСКО-г төлөөлж Сочигийн олимпын бамбарыг барьж, 300 метрт гүйсэн.

Энд нэмэлт мэдээлэл болгоод ярихад, ЮНЕСКО хоёр жил тутамд ерөнхий бага чуулганаа хийж, төсөв, соёлын өвийн хорооны гишүүд болон салбар хөтөлбөрүүдээ баталдаг. Монгол Улс тэр хороонд элсэхээр ярьж байгаа. Дэлхийн соёл, байгалийн өвийн хорооны хурал жил бүрийн долдугаар сард болдог.

Энэ жагсаалтад тухайн улсаас нэг л өвийг бүртгэдэг. Үүний зэрэгцээ Биет бус өвийн хурлаа арав, арваннэгдүгээр сард хийдэг. Ингэхдээ тухайн улсаас хэдэн ч өв, объект бүртгэж болдог онцлогтой. Мөн ЮНЕСКО хөтөлбөр бүрээ хэлэлцэж, хурал хийдэг.

Монгол минь энэ олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын тулд өөрийн гэсэн төлөөлөгчтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй Францад суугаа Элчин сайддаа ЮНЕСКО-г төлөөлөн хамруулчихаар ачааллаасаа болоод хэцүү юм шиг байна лээ.

-Олон улсын байгууллагад хамгийн өндөр албыг нь хашсан монгол хүн хоёр л байдаг юм билээ. Түүний нэг нь Та. Ер нь ямар шат, дамжлага, шалгуур давж ЮНЕСКО-гийн удирдах зөвлөлд ажиллах болов.

Танаас гадна хэчнээн монгол хүн тэр газарт ажилладаг бол?

-ЮНЕСКО-гийн усны асуудал хариуцсан мэргэжилтнээр Сарантуяа гэдэг бүсгүй ажилладаг. Өөр монгол хүн байхгүй. ЮНЕСКО ажлын байрны зараа нээлттэй түгээдэг. Энэ дагуу хүсэлтээ гаргасан олон улсын 150 гаруй хүний нэг би нь. Сонголтыг тус газар хийсэн. Ингэхдээ мэдээж, өчнөөн шат дамжлага, шалгуур давна шүү дээ.

Ажлын байр горилогчдыг шигшсээр 50, 30, 10 гээд л хасаад явна. Эцэст нь зургаан хүнийг сонгоод, ярилцлага хийнэ. Тэднээс гурвыг нь үлдээж, тодорхойлолт бичээд, ерөнхий захиралдаа танилцуулна. Эцэст нь дарга биечлэн уулзаж, ярилцаад гурваас нэгийг нь сонгодог.

-Ярилцлагуудын үеэр чухам юун тухай асуусан бол. Ялангуяа, эцсийн шалгаруулалтын хамгийн чухал даваанд хатагтай Ирина Бокова танаас юу асуув?

-Анхны ярилцлагын үеэр “Тан шиг том сургуулийн захирал байсан хүн манай жижигхэн оффист яах бол” гэж асуусан. Би олон улсын байгууллагад ажиллаж, их зүйл сурахыг хүсэж байгаа учраас тэр бол асуудал биш гэсэн.

Харин ерөнхий захирал “Та ЮНЕСКО-гийн юуг сайжруулмаар байна вэ” гэсэн. Тэгэхээр нь “Энэ байгууллага аливаа асуудлыг шийдэхдээ их удаан юм. Би их сургуулийн захирал байхдаа асуудлыг дор нь шийдэж, тушаал гаргадаг байсан” гэж хэлчихээд дараа нь санаа их зовсон.

-Тэгээд хэлсэндээ хүрч, “хүнд суртлын” шат дамжлагыг багасгаж чадсан уу?

-Тэгсэн. Харин компьютерынх нь системийг өөрчлөхөд дэндүү хуучирсан учраас боломжгүй байсан. Сая тэтгэвэрт гарахаасаа өмнө ерөнхийд нь өөрчлөх саналаа тавьсан.

“Монголд маань засаглалын хямралаас аюултай сэтгэлгээний хямрал нүүрлэжээ. Түмэн олон үүнийгээ ойлгож, засахыг хүсэж байгаа гэж ойлгодог” хэмээсэн Д.Бадарч доктортой санал нийлэх хүн олон байгаа. Тиймдээ ч энэ хүнээр боловсролын салбараа удирдуулах санал, санаачилга гаргаж, нэрийг нь дэвшүүлсэн нь лавтай. Харамсалтай нь, түүнийг Монгол Улс “тоосонгүй”. Гэхдээ олон улсад түүнийг урьдын адил өндөр үнэлж, туршлага, мэдлэгийг нь хуваалцахаар урьсныг бид бодох л ёстой.

Тэр бол алдаж, асгаж болохгүй их хөрөнгө, том боловсон хүчин учраас тэр. Дэлхийн хүнтэй ярилцахад сайхан байсныг дурдаад ярилцлагаа өндөрлөе.

Эх сурвалж : www.unuudur.mn